ТАНИЛЦУУЛГА
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор дүүргийн Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр анх байгуулагдсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 26 дугаар тогтоолоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.
Тус хэлтэс нь сүүлийн жилүүдэд гарсан хүн, мал амьтны гоц халдварт өвчин, томоохон хэмжээний гал түймрийн голомтод жилд дунджаар 520 гаруй удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажиллаж, 240 эрдэнэт хүний амь нас, 8 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах зорилгоор 2014, 2018 онуудад нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг амжилттай зохион байгуулсан.
Мөн тус хэлтэс нь нийслэл Улаанбаатар хотод 2018 онд анх удаа дүүргийн 11 дүгээр хороог нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг зохион байгуулсан. Уг үйл ажиллагаанд 11 дүгээр хорооны 820 гаруй иргэнийг хамруулж, иргэдийг түр байршуулах хотхоныг олон улсын стандартын дагуу иж бүрнээр нь дэлгэн үзүүлсэн.