С.БАТДАЛАЙ: Онгоцны төмөрт 96 цаг гараа даруулсан Цогоо минь “Эндээс гарч чадахгүй бол миний хоёр хүүхдийг үнсээрэй” гэж захиж байлаа

3286e04332d0539b21af76a4163f0b61-75b9js00t7x4bl4mgc9ophk7soo70dk3o9l3qax2c74.jpg

Д.Чанцалдулам

 “Ми-8” онгоцны осол мөн ч олон хүнийг өнчрүүлж, уй гашууд автуулж, Монголын түүхийг хар өнгөөр будсан даа. Ой хээрийн түймэр унтраахаар явсан 22 аврагч, албан хаагчийн сууж явсан онгоц хөвч тайгад осолдож, 15 нь амиа алдсан билээ. Энэ осол өдийгөөс 15 жилийн өмнө буюу 2007 оны зургадугаар сарын 14-нд болсон байдаг. Хөвч тайгад сүйрчихсэн онгоцны сүүдэр бараадаж, “Маргааш өглөө тэр минь амьд байх болов уу” гэх хар дарсан бодолд дийлдэж, “Эндээс л амьд явах юм шүү” гэх үгээр нэгнийгээ зоригжуулж, амьд үлдсэн долоон албан хаагчийн нэг нь С.Батдалай. Монгол Улс эрэлхэг 15 хөвгүүнээ бурхны орон руу эрт үдчихсэн гашуун түүхтэй энэ өдөр бид түүнтэй ярилцлаа.

Нөхдөө дурсаж, үйл хэргийг нь гүйцээсэн болов уу гэж эргэцүүлж, жил бүрийн энэ өдөр байж ядаж, багтах газаргүй юм шиг тэмтэчсэн тэр Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарчээ.

-Өнөөдөр (өчигдөр) зургадугаар сарын 13. Маргааш (өнөөдөр) таны болон нөхдийн тань тайгад өнгөрүүлсэн уйтай өдөр тохионо. Танд юу бодогдож байна вэ?   

           -“Ми-8” онгоцны осол одоогоос 15 жилийн өмнө болжээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэрнэ өчигдөр л болсон юм шиг санагдаж, хамт үүрэг гүйцэтгэхээр явсан нөхдөө үгүйлж байна. 2007 оны зургадугаар сарын 14-нд бид Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар 07:00 цагт ниссэн. Гурван бүлгийн 22 хүний бүрэлдэхүүнтэй нисээд, долоо нь амьд эргэн ирж, 15 нь хөвч тайгад үүрд нойрссон доо. Жил болгоны энэ өдрүүд сэтгэл санааны хувьд хүнд, тогтож ядсан байдаг. Зургадугаар сарын 13-наас л сэтгэл хөндүүр оргиод, ослын газарт байсан нөхцөл байдал, нөхдийн минь хэлж байсан үг, үйлдэл нь нүдэнд харагдаад байдаг. Одоо ч ялгаагүй тэд минь л бодогдож байна даа. 14-ний өдөр бүүр ч илүү уйтай байдаг. Чи бод доо, бид 22-уулаа явчихаад 15-ыгаа үлдээчихсэн шүү дээ. Үлдэж байгааг нь нүдээрээ харсан шүү дээ. Ингэж бодохоор л гол зураад, цээж хөндүүрлээд байдаг юм. Нөхдийнхөө ар гэрийнхэн, ааваасаа дөнгөж хоёр, гуравхан настай өнчирч үлдсэн хүүхдүүдийг нь бодохоор цээж урагдаж байгаа юм шиг санагддаг. Одоо ч нөхдийн минь хүүхдүүд том болоод, цэргийн алба, ахлах, их сургуулийн оюутан болжээ. Тэднийгээ л харж сэтгэлээ баясгах юм даа.

-Та нөхдийнхөө гүйцээгээгүйг гүйцээх хүсэлдээ хөтлөгдөөд албандаа “насаараа” ажиллажээ. Би таныг ажлаасаа гарсан болов уу гэж бодож байсан юм.

         –Амь биеэ үл хайхран, эх орныхоо төлөө зүтгэнэ” гэж тангараг өргөчихөөд яагаад гарна гэж вэ. Надад хийх ажил их, албандаа зүтгэх шиг жаргал байгаагүй. Энд байж байж л би нөхөдтэйгөө хамт, өөртэйгөө хамт байсан юм шүү дээ. Үүрэг гүйцэтгэхээр яваад, биднээс түрүүлээд явчихсан нөхдөд минь ч хийх юм их байсан. Би, бид тэрийг л гүйцээх гэж энэ албанд шантрахгүйгээр, цуцахгүйгээр, ухрахгүйгээр зүтгэх бүүр ч их хүсэлтэй болсон юм. Харин өнгөрсөн онд тэтгэвэртээ суучихлаа. “Та эх орныхоо төлөө зүтгэж боллоо, гавьяаныхаа амралтад суу даа” гээд тушаал өглөө. Тийм учраас л амралтдаа сууж байна даа, Жигүүр бид хоёр. Жигүүр бас гавьяаныхаа амралтад гарсан.“Нөхдийнхөө гүйцээгээгүйг бага ч болов гүйцээсэн болов уу” гэж бодож, өөрсдийгөө тайвшруулдаг. Бас итгэдэг. Манай он жавууд, дүү нар, бидний дээд үеийн ах нарын хүсэл нь биднийг албандаа үлдээд, “Бидний чадаагүйг чадаж, эх орноо хамгаалаасай” гэх хүсэл байсан байх. Үүнд л цаг үргэлж итгэж, жигүүрлэж явдаг даа.

 -Тэрэлжийн түймэрт долоо хоног ажиллаад, буцаж явах замд тань дуудлага ирсэн гэдэг шүү дээ. Мандал руу хамт явсан нөхөд тань бүгд л Тэрэлжийн түймэрт ажилласан байсан уу?

ТЭРЭЛЖИД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААСНЫ ДАРАА. 2007.06.13

         -Тийм ээ, замд явж байхад “Сэлэнгийн Мандал суманд түймэр гарсан байна. Маргааш өглөө хөдөлнө” гэх дуудлага ирсэн. Үдээс хойш жаахан бороотой байсан учраас агаар өгөхгүй ч байж мэднэ гэж байлаа. Тэгээд өглөө нь ангидаа цуглаад “Тэнгэр онгойчихлоо” гээд л ниссэн. Тэрэлжийн түймэрт хоёр бүлгийн 20 хүн ажилласан юм. Тэр үед би Ганболд гээд ахлах ахлагчтай баг болж ажиллаж байлаа. Тэрэлжийн түймэрт бид хоёрыг гал унтраагаад явж байхад гэнэтхэн л салхины эрч өөрчлөгдөөд, галын хуй араас ороод ирсэн. Бид хоёр байдгаараа гүйгээд, хадны дунд хавчуулагдаж байж амьд үлдсэн. Хэрэв амжаагүй байсан бол тэндээ шатаж үхэх аюул ойрхон байсан. Ганболд бид хоёр Сэлэнгэ рүү мөн л хамт түймэр унтраахаар явсан. Харамсалтай нь, хэдхэн цагийн өмнө галаас хамт амьд гарсан албан хаагч маань тайгад өөд болсон. Мундаг шүхэрчин, аврагч байсан юм.

-Та хэд онгоц осолдох үед түймрийн голомтод дөхөж очсон байсан уу?

           – Улаанбаатараас хөдөлсөн бид 40-50 минут нисээд, эхний газардалтаа хийсэн. Тэндээс хөдлөхдөө газрын зураг хараад “10-15 минут нисчихвэл түймрийн голомтод очих юм байна” гэж ярьж байсан. Яг энэ хугацаагаараа нисээд, “Одоо дөхөж байгаа даа” гэж ярихтай зэрэгцээд л онгоц хоёр ч удаа хүчтэй хад, чулуу шиг юм мөргөсөн. Онгоцны доод хэсэг хад, асга мөргөсөн байх гэж би боддог юм. Тэгээд л дайвалзаад ирсэн.

-Та онгоцны аль хэсэгт сууж явсан бэ?

           -Хаалгаар ороод хамгийн эхний суудал дээр сууж явсан. Түймрийн голомтод очоод гурван бүлэгт хуваагдаж ажиллах төлөвлөгөө гарсан байсан. Би нэгдүгээр бүлгийг нь ахалж, хамгийн түрүүнд онгоцноос шүхрээр буух ёстой байсан. Онгоц биднийг гурван газарт буулгах байсан юм. Би эхний бүлгийн хүн учраас шүхрээ бэлдчихсэн, онгоцны хаалга онгойход л үсрэх байлаа. Ачаагаа ачааны шүхэрт баглачихаад, эхлээд ачаагаа, дараа нь өөрсдөө үсэрнэ гэж байсан.

-Онгоц осолдсон үеийг дэлгэрэнгүй яриад өгөөч?

           -Онгоц элгээрээ хоёр ч удаа хүчтэй мөргөсөн.“Хад мөргөчихлөө” гэж бодохтой зэрэгцээд л нисгэгч дээш нь татах гэж үзсэн боловч дийлээгүй байх. Тэгээд “Онгоц унах нь” гэж бодоод доошоо суусан. Хэрэв осолдоод, амьд үлдвэл толгой бүтэн байх ёстой гэж бодсон юм. Тэгээд толгойныхоо ард хоёр гараа тавиад л доошоо суусан даа. Суухаасаа өмнө “Онгоц осолдох нь тодорхой болчихлоо” гэж бодоод хамт явсан нөхдөө сайн хараад авъя гэж бодсон. Хүмүүсийг харахад гайхсан, цочирдсон, “Юу болж байна аа” гэсэн түгшүүрийн байдалтай сууж байсан.Хүмүүс ер нь онгоц унахыг гадарлаж байсан байх. Гэхдээ онгоц өндрөө алдах, салхинд савлах зүйл байдаг. “Тэр нь юм болов уу” ч гэж зарим нь бодож байсан байх. Тэгээд л доошоо суусан, нэг мэдэхэд ухаангүй хэвтэж байсан. Онгоц осолдох үед ухаан алдчихсан байсан үг шүү дээ. Хүний хамгийн түрүүнд юм сонсдог юм билээ. Нүдээ нээх гэсэн боловч чадахгүй байсан. Хүнд нүдээ нээж чадахгүй байх үе байдаг л юм билээ. Онгоцонд сэргэчихээд хэсэг хэвтэж байхад хүмүүсийн “Ёооё, ёоё” гэж байгаа үг тод сонсогдож байсан. Хамгийн түрүүнд “Хаана байгаа билээ. Би уг нь онгоцон дотор байсан даа” гэж бодогдоод байсан. Арай гэж хүчээр нүдээ нээгээд харахад онгоц, онгоц биш, лааз шиг болчихсон байсан. Ачаа бараа энд, тэндгүй унаж, эмх замбараагүй байсан. Онгоцны гурав, дөрвөн газарт задарчихсан, мотор нь дээрээс дараад унасан, нүд халтирам байсан даа. Уг нь онгоцонд босоогоороо зогсоход дээшээ өндөр нь 10-15 см зай үлддэг юм. Харин тэр үед онгоцны шалнаас, тааз хүртэл 1-1.5 метр зай л үлдсэн байсан. Авч явсан ачаанд талийгаачдын цогцос дарагдсан, ер нь л сүйрчихсэн байсан.

-Онгоцноос мөлхөж гарсан юм уу. Таны бие тухайн үед ямар байсан бэ?

           -Дээшээ өндийх гээд урагшаа харахад миний зүрхнээс 10 см зайтай онгоцны банкны төмөр байсан. Жаахан л хөдөлбөл шовх төмөр зүрх рүү зоогдчих аюултай байлаа. Цээжээрээ хажуу тийш болоод, босох гэсэн боловч биеэ дийлээгүй. Гар, цээж, нуруу, хавирга, дал, хэдэн хэсэг болоод хугарчихсан, өвдөг бяцарчихсан болохоор босох арга ч байгаагүй. Босох хүсэл, бодол байсан ч яагаад ч чадахгүй байсан. Цээж бяцарчихаар гэдэс шиг зөөлхөн болчихдог юм билээ. Тэгээд л хамаг бие янгинаад, маш их өвдөөд байсан. Онгоцны хамар уулын өөдөө чигтээ унасан байсан. Хэрэв онгоцон дотор байгаа шатахууны сав хагарсан бол шатаж байж магадгүй гэсэн бодол төрсөн. Тэгээд шатахуун уулын өөд биш, уруу урсаж байгаа гэж тооцоолоод, онгоцны нисгэгчийн кабинаар дамжиж гарах төлөвлөгөө гаргасан. Мөлхөөд, мөлхөөд үүд хоймрын зайтай газрыг хагас цаг туулж байж онгоцноос гарсан шүү дээ. Хамаг хүч дуусаад, дахиж мөлхөх тэнхэлгүй болоод л гарсан даа. Оюун санаа ажиллаад байгаа хэрнээ бие дийлэхгүй байсан. Намайг онгоцноос мөлхөөд гарахад бороо шивэрч байсан. Тайгын усархаг бороонд нороод, гэмтэлтэй хүн чинь амархан даардаг юм билээ. Бараг осгох шахсан. Санаснаараа хөдөлж чадахгүй болохоор үнэхээр хэцүү, атиралдаад тэрүүхэн тэндээ л хэвтэж байгаа юм. Хоёр дахь өдрөөс нь Сүхээ, Жигүүр хоёр муухан босоод явдаг болсон. Тэгээд онгоцны энд тэнд хэвтэж байгаа, бөөгнөрөх гээд мөлхөж байгаа бидэнд шүхэр авчирч, хучиж өгсөн. Тэгж осгож үхэхээс аврагдсан даа, нөхдийнхөө буянаар. Эхний өдөр сүйрсэн онгоцны энд, тэнд хэвтэж байсан бид дараа өдрөөс нь бөөгнөрч, хамт байя гэж ярьцгаасан. Хэдийгээр зуны сар байсан ч гэсэн тайга хүйтэн, сэрүүн байдаг юм билээ. Тэгээд мөлхөх нь мөлхөөд, өнхрөөд ч болтугай бид нийлж, бөөгнөрч авсан.  Маргаашаас нь хар үүл гарч, бороо орох төлөвтэй болсон. Бороо ороход шүхрээ дэлгээд жаахан ус тосож авсан. Тэрнээс өмнө хатаж үхэх дөхсөн.

-Та ухаан алдаад удсан юм шиг байна шүү дээ. Таныг онгоцноос гарахад гараа даруулаад, эрлийн багийнхныг очтол онгоцон дотор байсан албан хаагч Цогоо ухаантай байсан уу?

        -Би ухаан алдаад удсан шиг байна лээ. Намайг гарахад манайхан мөлхөөд, өвдөглөөд, байдаг чадлаараа хичээгээд гарчихсан байсан. Ойролцоогоор хамгийн багадаа 30, 40 минут лав ухаангүй байсан юм шиг байна лээ. Намайг сэргэхэд онгоцон дотор Цогоо байсан. Миний нүд нээгдэхтэй зэрэгцээд Цогоо “Хөгшөөн, босоорой, давгүй юу. Хурдан босоод гараарай. Онгоц дэлбэрч байж магад шүү” гэж хэлсэн. Би “Гайгүй юм шиг байна, чи яасан бэ. Хамт гаръя” гэхэд “Миний гар онгоцонд дарагдчихаад байна аа” гэж хэлсэн. Цогоо онгоц шатаж магадгүй гэдгийг мэдэж байсан. Тэр маш их тэвчээр, эр зоригийг гаргаж 96 цаг онгоцон дотор байсан шүү дээ. Эрлийн багийнхан 96 цагийн дараа биднийг олсон гэж бодоход Цогоогийн гарыг төмрөөс салгаж, тасалж авах багаж хүлээж багагүй хугацаа өнгөрсөн. Ингээд бодохоор тэр 100 гаруй цаг үхэлтэй тулалдаж, онгоцон дотор ганцаараа байсан гэсэн үг. Маш их тэвчээр, эр зориг гаргаж, амьд ирсэн дээ, манай Цогоо. Онгоцноос гараад, эрлийн багийнхныг ирэн иртэл Цогоо бид хоёр холбоотой, ойрхон байсан. Хоёр ч удаа би Цогоо руу мөлхөж орсон. Аварчих санаатай л байн байн мөлхөж ороод байсан юм шүү дээ. Тэгэхэд тэр “Энэ төмөрт л зай гаргачихвал миний гар салчихна” гээд бид хоёр байдгаараа хичээж, татлага хүртэл хийсэн. Хүн үнэхээр сонин юм билээ. Онгоц руу орох гээд мөлхөж явахдаа ухаан алдчихдаг юм уу, унтчихдаг юм уу бүү мэд. Нэг мэдэхэд л сэргэж байдаг байсан. Хамаг чадлаараа л мөлхөж ороод, найзынхаа гарыг төмрөөс салгаж авах гэж хичээсэн. Даанч болоогүй. Борооны өмнө Цогоо руу ороход ам нь цангаж байгаагаа хэлсэн. Тэгэлгүй ч яах вэ дээ, олон цаг ус уугаагүй хүний хэл нь хатаад аймар болчихдог юм билээ. Тэгээд бороо орохоор нь гялгар уутаар тосож, борооны ус хуримтлуулж аваад, хоол иддэг савныхаа таганд хийгээд, Цогоо руу мөлхсөн. Мөлхөж яваад хуримтлуулсан усаа асгачихсан. Эргэж яваад, дахиад борооны ус тоссон. Буцаад мөлхөх гэхээр усаа дахиад асгачих гээд Цогоог дуудаад, “Хөлөөрөө сунаарай” гэсэн чинь манай хүн “За” л гэж байна. Би жаахан мөлхөөд, Цогоо байдгаараа сунаад, бид хоёрын дунд төө хэрээтэй л зай үлдсэн. Цогоо уг нь их өндөр хүн шүү дээ. Тэгээд дахиад жаахан мөлхөөд, Цогоо нэг хөлөөрөө оймсоо тайлаад, сунаад хөлийнхөө хоёр хурууны завсар тагтай усаа хавчуулаад авсан. Талыг нь асгаад, талыг нь уусан даа. Дараа нь “Тэр ус хамгийн амттай байсан шүү” гээд ярьж байсан. Удаагүй Сүхээ, Жигүүр хоёрын нэг нь савтай ус оруулж ирээд, “Маргааш хүртэл ууна шүү” гэж хэлж байлаа. Тэгэхэд л усны амтыг мэдэрч байлаа даа. Цогоо маань сүүлдээ тамир нь барагдсан даа, захиасаа хүртэл захисан. Тэр Далай гэж дуудаад Найз нь одоо дийлэхээ больж байна. Би эндээс явж чадахгүй нь. Хэрэв эндээ үхвэл миний хоёр хүүхдийг очоод үнсээрэй” гэж байсан. Би “Хүүхдүүдийг чинь би үнсэж чадахгүй, чи өөрөө очоод үнс” гэхэд хоолой зангирч, нулимс гарч байсан даа. Тэгж л найздаа хүч, сэтгэлийн тэнхээ өгсөн болов уу гэж боддог. Тэр хоёр үрдээ амьд ирэх гэж мөн ч их тэвчсэн, хичээсэн.

-Ус гэдэг зүйл хамгийн үнэтэй гэдгийг та болон таны нөхөд хамгийн ихээр мэдэрсэн байх. Шээсээ хүртэл ууж байсан гэдэг шүү дээ.

           -Тийм ээ, тэгж байсан. Онгоцонд суухад Ерөнхий газраас явсан дарга хэдэн ширхэг цэвэр ус аваад, орж байгаа харагдсан юм. Тэр л нүдэнд харагдаад, онгоцон дотор хайж эхэлсэн. Харамсалтай нь, хайгаад хайгаад олоогүй. Ус хайж явахдаа нойтон салфетка олсон. Тэрийгээр нь нүүрээ арчихад усанд орчихсон юм шиг санагдаж, нүд онгойгоод л ирсэн шүү. Тэгээд хоёрыг цээжин дээрээ тавихад сэрүү татаад үнэхээр гоё байсан. Нойтон салфетканы шингэнийг уух гээд ам руугаа мушгисан ч залгиж чадаагүй. Саван амтагдаад үнэхээр муухай юм билээ. Хэдийгээр ам цангаж, үхэх гэж байсан ч уугаагүй. Салфетканыхаа үлдэгдлийг нь онгоцны бөөрөнд хэвтэж байгаа нөхдөдөө өгөхөд их л баярлаж байсан даа.

-Эрлийн багийнхныг очих хүртэл та хөл дээрээ босож чадаагүй юу. Дан мөлхөөгөөрөө л байсан уу?

             -Нэг удаа толгойд багтаад байхаар нь таяг хийж байгаад боссон. Сүхээгээр түшүүлээд өвдөг дээрээ босоход яс шажигнаж дуугарч байлаа. Тэгээд “Татаад байгаарай” гэсээр байгаад орилоод хөл дээрээ боссон. Бид хоёр босоод, доошоо тайгын гүн рүү явж ус авчиръя, усны сав авчих гэж ярилцсан. Тэгээд нэг бэлэн гоймон, чүдэнз, хоол буцалгах тогоо аваад хөдлөхөөр болсон юм. Сүхээ намайг түшээд, урагшаа нэг алхахад л би харуулдаад унасан. Тархинд зөвхөн бодол л байсан болохоос ямар ч чадал байгаагүй юм билээ. Тэгээд л дахиж босоогүй. Сүүлдээ мөлхөж ч чадахгүй болтлоо сульдаж, ядарсан. Ер нь сүүлийн хоногт нүд маань л хөдөлж байсан байх. Эрлийн багийнхан биднийг тэрнээс хойш хоёр хоногийн дараа олсон бол байдал эвгүйдэх байсан даа. Өдрөөс өдөрт л хүний бие дордоод байдаг юм билээ. Ямар ч эмчилгээ хийхгүй болохоор хүмүүсийн бие муудаж эхэлсэн. Хэдийгээр манай Жигүүр, Сүхээ хоёр явж чадаж байсан ч хол явах тэнхэлтэй байгаагүй. Тэгээд л бид тэндээ дөрвөн хоног хөдөлгөөнгүй байсан.  

-Хүмүүс ер нь юу ярьж байсан бэ. Эрлийн багийнхныг хайж байгаа гэдгийг бол мэдэж байсан байх?

            -Онгоц хоёр цаг холбоонд орохгүй алга болбол эрлийн ажиллагааг эхлүүлдэг. Журмынхаа дагуу эрлийн ажиллагаа эхэлчихсэн байгаа гэдгийг мэдэж байсан. Эхний өдөр бороотой, манантай байсан учраас онгоц явахгүй байх гэж бодож байсан. Тэгээд хоёр дахь өдрөөс нь онгоцны дуу гарч эхэлсэн. Бидний унасан газар залуу ой учраас хажуугаас харагдах ямар ч боломжгүй. Зөвхөн эгц дээрээс л харах боломжтой. Онгоцны дуу гараад, дээгүүр нисээд явахаар хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэж, хүнд байдалд ордог юм билээ. Гурав хоног онгоц дээгүүр нисээд байгаа хэрнээ биднийг олохгүй болохоор нь “Эндээ үүрд үлдэх юм байна” гэсэн бодолтой болж ирсэн. Сүүлдээ хүлээн зөвшөөрч эхэлсэн шүү дээ. Гэхдээ амьд гарахын төлөө эцсээ хүртэл тэмцэж байсан, бүгдээрээ.

-Гавьяат нисгэгч Сугар гуай хамгийн их харамсаж байсан гэдэг. Танд юу гэж хэлж байв?

         -Сугар ах биднээс хоёр метрийн зайтай байсан. Аарцагны яс нь хугарчихсан болохоор дөрвөн хөллөөд л хэвтээд байдаг юм билээ. Яах аргагүй хамгийн их харамсаж, бас тэвчиж байсан. “Хайран сайхан хүүхдүүдээ алдчихлаа” гээд л уйлаад байсан. “Тийм биш ээ, ах аа” гээд тайвшруулаад ч нэмэргүй. Маш өндөр чадвартай нисгэгч, шүхэрчин хүн байсан, Сугар ах. Чадвартай нисгэгч байсан гэдэг нь онгоц унах үеэр мэдрэгдсэн. Онгоц унаж явахад түлшээ асгаж, цахилгаанаа салгасан байна лээ. Гэхдээ маш их тэвчээр гаргаж, бидэнд дэм өгч байсан. “Хүүхдүүдээ, онгоц ямар ч байсан ирнэ шүү. Тэр хүртэл тэсээд байж байгаарай. Тэсэх ёстой шүү” л гэж захиж байсан даа.

ГАВЬЯАТ НИСГЭГЧ Т.СУГАР

-Эрлийн багийнхан та нарыг олохыг харах хамгийн сайхан байсан байх. Тэр үеийг юугаар ч зүйрлэшгүй биз?

        -Тэгэлгүй дээ, би хараад байж байсан. Тэнгэрийн улаачийг илтгэсэн улаан канттай “Ми-8” байсан. Яг бидний дээгүүр нисээд явсан. Бид араас нь “Хараасай, хараач, хараач дээ” л гэж залбирч, амандаа үглэцгээж байлаа. Онгоц нэлээн алсад явж байснаа гэнэтхэн эргэсэн. Эрлийн багийнхан биднийг олчихлоо гэдэгт итгэхгүй байгаа юм чинь. “Буцаад явж байгаа юм болов уу” гэж бодоод тэнгэр рүү харж, онгоцноос харцаа салгаж чадаагүй. Онгоц эргэхээс дөнгөж өмнөхөн Жунай ах “Хоёр охины минь заяа түшээч” гээд л газар цохиж байсан даа. Жунай ахын хоёр охины заяа ч түшиж, онгоц бидний дээгүүр эргэлдэж, хаалга нь онгойсон. Тэгэхэд л өөрийн эрхгүй нулимс урсаж, “Цөөхүүлээ ч гэсэн аврагдлаа” гээд уйлж байсан. Онгоц биднийг олчихсон гэдгийг мэдээд, буцах болоход хэцүү байсан. Хамт явсан нөхдөө үлдээгээд явна, үр хүүхдийг нь яаж харна даа л гэж бодож байлаа даа.

-Таны хамгийн түрүүнд Гэмтлийн эмнэлэг рүү тээвэрлэсэн үү. Гэрийнхэнтэйгээ эмнэлгийн гадаа таарсан уу? 

       -Өвчин намдаах тариа, анхан шатны эмчилгээ хийгээд биднийг нэг хонуулсан шүү дээ. Маргааш нь зөөвөр хийхээр болсон юм. Маргааш өглөө нь үүрээр биднийг доош нь тээвэрлэсэн. Сугар нисгэгч бид хоёрыг хамгийн түрүүнд Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан. Бид хоёрын бие хүнд байсан юм шиг байна лээ. Бусдыг нь хүнд, хөнгөнөөр нь ангилаад Зүүнхараагийн эмнэлэгт байлгасан гэж ярьдаг. Гэмтлийн эмнэлгийн үүдэнд бага эгчтэйгээ таарсан. Манайх эхээс 11-үүлээ, би айлын бага хүү юм. Онцгойгийн бид чинь Минж тайга руу түймэрт явахдаа тэр бүр хэлээд байхгүй. Сүлжээ байхгүй учраас холбоо ч барих боломжгүй байсан. Тэгээд Улаанбаатар хот руу нисэж явахдаа “Намайг осолд орсныг мэдсэн болов уу” ухааны юм бодоод хэвтэж явсан. Гэтэл улс даяар бөөн юм болчихсон, гэрийнхэн маань мэдчихсэн, эгч маань эмнэлгийн үүдэнд уйлаад сууж байсан. Нөгөө хэдийн маань аав, ээж, ах, дүү ирчихсэн байсан. Бөөн л юм болж байлаа. Гэмтлийн эмнэлэг бидэнд маш сайн эмчилгээ хийсэн. Сар гаруйн хугацаанд хамгийн сайн эмчилгээг хийж, хөл дээрээ боссон.

-Олон хоногийн дараа хөл дээрээ гишгэх, босох сайхан байсан байх. Шүхрээрээ дахиж буусан уу?

         -Юм болгоныг дээрээс харж байгаа юм чинь сайхан байлгүй яах вэ. Олон хоног өлийж ярьдаг байлаа шүү дээ. Би чинь эхлээд тэргэнцэр дээр суугаад явдаг байлаа. Дараа нь суга таягтай болж, тэмцсээр байгаад суга таягнаасаа салж, хөл дээрээ явдаг болсон. Муухан явдаг болоод л гэртээ ирсэн дээ. Шүхрээр дахиж буугаагүй. Нурууны гэмтлээс болоод тас хориглосон. Бууж байгаа хүмүүсийг харахаар маш их атаархдаг байлаа даа. Тэгээд уулын шүхрээр гурван удаа бууж, хорхойгоо дарж авсан. Үнэхээр эрх чөлөөний спорт шүү дээ. 1000 метрийн дээрээс, онгоцны хаалган дээрээс доошоо хараад зогсож байх, шүхрээ дэлгээд буух, амжилттай газардах ямар сайхан гэж санана. Шүхрээр буух хүслээ, мөрөөдлөө, эр зоригоо тайгад үлдээгээд ирэх хэцүү л байсан даа.

-Осол болсонд олон хүнийг буруутгадаг шүү дээ. Бороотой өдөр тушаал өгсөн, эрлийн ажиллагааг оройтож эхлүүлсэн гээд л. Ослын дараа хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

          -Ослын өмнө хүмүүс манай байгууллагын талаар сайн мэддэггүй байсан. Гурван байгууллага нэгдэж байсан болохоор хүмүүсийн ойлголт бага байсан байх. Харин ослоос хойш хүмүүс биднийг мэддэг болсон. Онцгой байдал гэдэг чинь түймэрт явдаг, хүмүүсийг авардаг гэдгийг ойлгосон гэх үү дээ. Төр засгаас ч биднийг дэмждэг, шаардлагатай зүйлээр хангадаг болсон. Тухай үед чинь бид бэлэн гоймон цүнхлээд явдаг байлаа шүү дээ. Бас зарим багаж дутагдалтай, хөрөө байхгүй хажуу айлаасаа гуйгаад явдаг байсан. Одоо хангалт хангалттай болж, өөр болсон. Багаж хэрэгсэл сайжирч байна, онгоцоор түймэр унтрааж үзэж байна. Цаг хугацааг хожиж, богино хугацаанд түймэр унтраана гэдэг чинь хүний амь аварна л гэсэн үг шүү дээ.

-Тухайн үед та гэр бүлтэй байсан юм уу. Яагаад энэ албанд орсон юм бэ?

         -Албандаа зүтгээд таван жил болж байсан. Манай оныхон гэр бүл зохиож амжаагүй байсан. Би ч гэсэн эхнэр, хүүхэдгүй байлаа. Одоо манайх өнөр айл болсон доо. Сургуулийн сурагч байхдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд буудаг шүхэрчдийг харж, “Агаар дээр явах ямар байдаг бол” гэж бодож байсан юм. Тэр бодол толгойнд явсаар байгаад ахдаа шүхэрчин болмоор байгаагаа хэлсэн. Ах тухайн үед шүхрээр буудаг, энэ албанд ажилладаг байсан. Тэгээд надад ажил асууж өгөөд, би шүхэрчин гал сөнөөгч болчихсон шүү дээ. Намайг энэ албанд орсон жил маш халуун, түймэр ихтэй байсан. Хамгийн анх 76 хоног түймрийн голомтод ажиллаад, гэртээ ирж байлаа.

-Та харуусал тээж явдаг уу. Ер нь ямар нэгэн зүйлд харамсдаг уу?

      –Харамсдаг. Манайх Говь-Алтай аймгийн Тонхил сумаас намайг жаахан байхад Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Аав маань намайг тавдугаар ангийн сурагч байхад нас барсан. Харин ээж минь 18 настай байхад бурхан болсон. Одоогийн сайхан амьдарч байгаагаа, эхнэртэйгээ хүүхэдтэйгээ жаргалтай амьдарч байгааг миний аав, ээж хоёр харсан бол хүүгээрээ мөн ч их бахархах байсан даа. Би үүнд л харамсаж явдаг юм. Тэрнээс осол болсон болон тухайн үеийн бүх зүйлд харамсдаггүй. Бид үүргээ л гүйцэтгэсэн. Тэнд явсан албан хаагчид, амиа өгсөн залуучууд бүгд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн баатрууд байсан. Тэд эцсээ хүртэл тангарагтаа үнэнч байж, “Намайг авраач, би үхлээ” гэж хэн нь ч орилж, тэвчээр алдаж байгаагүй” гэснээр бидний яриа өндөрлөлөө. 

                   Тэр одоо нөхдийг нь дурсаж, эх орныхоо төлөө зүтгэж яваад эрэлхэгээр амиа алдсан аврагчдын гэгээн дурсгалд зориулж, босгосон хөшөөний өмнө уйлж зогсоо байх. 15 жил бодол, сэтгэлээсээ салгаж чадаагүй аврагчдаа бодоод тэр харуусаж зогсоо байх. Бас бахархаж, хайрлаж зогсоо болов уу. Тэр “Дахиж нэг ч аврагч, нэг ч монгол хүн бүү эндээсэй” гэж залбирч байгаа байх. Бас “Дахиж ийм осол хэзээ ч бүү болог” гээд чин сэтгэлээсээ гуйж зогсоо байх. Хамгийн чухал нь тэр нөхдийнхөө өмнө амласан амлалтдаа хүрсэн учраас одоо өөрөөрөө бахархах эрхтэй болсон…

Эх сурвалж: ergelt.mn

scroll to top